Автомашингүй өдрийг ирэх бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна

Thursday September 28th, 2023 172
“Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Автомашингүй өдөр нь тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой. Мөн эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлаг, эрүүл мэндийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийнэ

Автомашингүй өдрийг манай улс 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус өдрийг  46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллах юм. Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө хэмээв.
12 зах, худалдааны төв ажиллахгүй

Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ.  Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчилнэ.
Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар зургаан цэгт ажиллана. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм. Харин Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд, Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд, Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд ажиллаж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болохоос гадна төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна.
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар мэдээлэл өглөө.
Автомашингүй өдрөөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Иймээс тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 42 чиглэлийн 326 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орж байна.
  • Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, “Үндэсний шуудан”, Сансарын ШТС,
  • Нарны замаар явах чиглэл нь “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”,
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн,
  • Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, Нарны титэм
  • Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 “5 шар-Ботаник”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна.
Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл зэргийн хэрэглээг хориглоно

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:
-Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний өдрийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Энэ үеэр ТЦА-ны Шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага, мэдээлэл ирсэн. Энэ нь энгийн үеэс 40-50 хувиар буурсан эерэг үзүүлэлт юм. Гэвч 2-10 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж, гэмтсэн. Тиймээс энэ удаагийн автомашингүй өдрийн хувьд биеийн хүчээр жийдэг унадаг дугуй болон тавцант тэшүүр /skateboard/ зэргээс бусад дугуйт хэрэгсэл болох цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй /суррон мотоцикл/ зэргийн хэрэглээг хориглоно. Мөн автомашины хөдөлгөөн хязгаарлах бүсэд амьдардаг иргэдийг машинаа зогсоолд байршуулахдаа зам хаах цагийн хуваарийг харгалзан үзэхийг зөвлөе гэв. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Автомашины хөдөлгөөнийг хязгаарлах гудамж, замууд

Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг есдүгээр сарын 23-ны 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Холбоотой мэдээ

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.